Tuesday, November 22, 2011
БУРХАНЫ БОДЛЫГ ТОЛЬДОХУЙ
Эйнштейний харьцангуйн онолыг судалсан эхний арван жилд квантын физик нь бидэнд нэлээд хэдэн гэнэтийн бэлгийг барьсан юм. Энэхүү нууцлаг квантууд нь тун ч ер бусын шинж чанартай ба өөр хоорондоо таагдашгүй байдлаар харилцан нөлөөлөх чадвартай болох нь тодорхой болсон юм (физикчид энэ үзэгдлийг квант төлвийн ээдрээтэй байдал хэмээн нэрлэдэг).
Физикч Эрвин Ласло өөрийн бичсэн «Шинжлэх ухаан ба Акашийн талбай» номдоо өөрийн хийсэн сонирхолтой олон туршилтуудыг дурджээ. Эрвин Ласло, полиграфын (polygraph, polygraph detector, lie-detector буюу үнэн худлын детектор) салбарын мэргэжилтэн Клив Бакстер нар туршилт хийсэн байна. Бакстер өөрийн туршилтад оролцож байгаа хүний цусны цагаан бөөмийн дээжийг хуруу шилэнд авч туршилтын төвөөс 7.5 милийн зайтай өөр газар байрлуулаад дээжтэй хуруу шилэнд үнэн худлын детектор залгажээ.
Нэг удаагийн туршилтын явцад 1941 онд япончууд Америкийн цэргийн бааз Перл-Харборыг довтолж байгааг харуулсан телевизийн нэвтрүүлгийг уг туршилтад орж буй хүнд үзүүлсэн байна. Туршилтад оролцогч нь дайны үед тэнгисийн флотод зенитийн их бууны буудагчаар алба хааж байсан бөгөөд довтолгооны өдрүүдэд Перл-Харборт тулалдаж явжээ. Дэлгэц дээр туршилтад оролцогчийг томоор харуулах үед түүний нүүрэн дээр сэтгэлийн огцом хөдөлгөөн илэрсэн ба яг тэр хоромд туршилт хийж буй газраас 7.5 милийн цаана байгаа үнэн худлын детекторт сэтгэл хөдлөлийн цалгиа бүртгэгджээ. Яг л детекторыг хуруу шилэнд байгаа цусны цагаан бөөмийн дээжид биш харин туршилтад оролцож буй хүнд шууд залгасан юм шиг.
Дараа дараагийн туршилтууд нь гадаад нөхцөл байдал ба туршилтад оролцогч болон түүний цусны дээж хоёрын хоорондын зайгаараа (хэдэн арав, хэдэн зуун миль) өөр байсан ч үр дүн нь гайхалтай адилхан байжээ.
Ийм байж болно гэж үү? Квантын физикийн хэлээр бол зенитчний цусны дээж ба түүний бие хоёр хоорондын орон зайнаас үл хамаарч хоорондоо холбоотой хэвээрээ л байх болно. Энэ харилцан үйлчлэл нь гэрлийн хурднаас давсан маш өндөр хурдтай явагддаг ба үүгээрээ Эйнштейний онолын үндсэн постулатуудын нэгтэй зөрчилддөг.
Эрдэмтэд энэхүү тэдний санааг зовоосон эгшин зуур харилцан үйлчлэх чадварыг байрлалаас үл хамаарах үзэгдэл гэж нэрлэжээ. Эйнштейн өөрөө ч физикийн нэр томьёоноос зайлсхийж орон зайн нууцлаг харилцан үйлчлэлийн талаар дурдсан байдаг.
Үүний цаана ямар хүч нуугдаж байна вэ? Энергиэс илүү доод түвшний ямар нэг хүч оршдог байж болно гэж үү? Ингээд бидэнд мэдэгдэж буй энергийн бүх хэлбэрийг нэгтгэх чадвартай энэ хүчийг хайж эхэлсэн юм. Орчлон ертөнцийн бүх хүчний үйлчлэлийг илэрхийлж чадах математик тэгшитгэлийг хайж буй энэ эрэл хайгуулыг одоо үед «оргүй хоосны онол» эсвэл «бүхний тухай онол» гэж нэрлэх болжээ. Орчин үеийн шинжлэх ухааны хувьд энэ нь яг л мөнхийн усыг хайхтай адил чухал зүйл болсон байна. Шилдэг астрофизикчид, тэр дундаа Стивен Хокинг энэхүү «бүхний тухай онолыг» бүтээж чадвал бид Бурханы бодлыг уншиж чадна гэж ярьцгааж байна.