Tuesday, November 22, 2011

БҮХ ЗҮЙЛ ЭНЕРГИ

  • Tuesday, November 22, 2011
  • amega
  • Share
  • Альберт Эйнштейний нэрийг хэлэхэд таны тархинд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ? Хэн нэгнийх нь дотор сэгсийсэн буурал үстэй, хэлээ гаргасан хүний тэрхүү алдарт зураг бодогддог байж ч болох юм. Зарим нь зүгээр л агуу их хүн гэж хэлээд E=mc2 томьёог санадаг байх. Хэдийнээс түүний ухаалаг онолын математик илэрхийлэл нь ийм алдартай болсныг хэлж мэдэхгүй ч шинжлэх ухаанаас хол байдаг хүмүүс хүртэл бүгд энэ томьёог мэддэг. Эйнштейний «энерги нь массыг гэрлийн хурдны квадратаар үржүүлсэнтэй тэнцүү» гэсэн энэ томьёо нь орчлон ертөнцийн тухай өмнө нь байсан бүх онолыг хүчингүй болгож ертөнцийн дүр төрхийг бүрэн өөрчилсөнд л гол учир нь оршиж байгаа юм.

    Гэрлийн нууцлаг шинж чанарыг тайлбарлах гэж оролдож байхдаа цаг хугацаагаар шалгагдсан юм шиг санагдаж байсан ньютоны физикийн хуулиудаас ангижирснаар л тухайн асуудлын хариуг олж болохыг Эйнштейн ойлгосон байна. Ньютоны үзэл баримтлалын оронд орчлон ертөнцийн бүтцийн талаарх өөрийн онолыг тэр дэвшүүлсэн бөгөөд энэ нь түүний алдарт Харьцангуйн онол билээ. Эйнштейний санаа ийм чухал нөлөөтэй болж чадсаны нэг гол шалтгаан нь түүний онол түүхэнд анх удаа энерги болон матери нь хоорондоо холбоотойгоор барахгүй байнга харилцан бие биедээ шилжиж байдгийг баталсанд байгаа юм. Урд өмнө нь матери болон энергийг зааглаж байсан хананд ан цав байхыг Эйнштейн олсон бөгөөд сонгодог ньютоны физикийн хээнцэр номлол шахагдах болж догшин омголон, адармаатай, өмнө нь төсөөлж байгаагүй квантын физик түүнийг шийдвэртэйгээр түлхэн холдуулсан юм.

    Квантын физик нь атомаас олон дахин жижиг хамгийн бага түвшинд ертөнц хэрхэн бүтээгдсэн болохыг судалдаг шинжлэх ухаан юм. Эрдэмтэд энэ түвшинд бодит байдлын мөн чанарыг судалж үзээд хачирхалтай зүйлийг олж мэдсэн бөгөөд бодит байдлыг хэчнээн гүнзгийрүүлж судлах тусам мэдэгдэх зүйл улам бага болж байжээ. Материйн туйлын жижиг хэсгүүдийг эрж хайн судалсны дүнд хэдийгээр оршин байдаг боловч бараг илрүүлэх бололцоогүй энергийн бөөмс байдаг гэсэн онол үүсэхэд хүргэсэн бөгөөд эдгээр энергийн бөөмсийг квант хэмээн нэрлэжээ.

    Эйнштейний онолыг товчоор дүгнэж хэлбэл бүх зүйл энерги гэж томьёолж болох юм. Хадан цохио, гариг эрхэс, шилэн аягатай ус, гар, бидний барьж, харж, үнэрлэж үзэж болдог бүх зүйлс молекулоос тогтох ба молекул нь атомаас, атом нь протон, нейтрон ба электронуудаас тогтоно. Харин протон, нейтрон ба электрон нь барьж үл болох энергийн бөөмсөөс бүрдэнэ.

    Чухам энд л квантын физик нь миний гэртээ хайрцаг доторхыг үзэж байхдаа хийсэн нээлттэй огтлолцож байгаа юм. Квантын физикийн үзэл баримтлалууд нь аз жаргалтай амьдарч өөрийн мөрөөдлийн бизнесээ бүтээн цогцлоох боломжийг олгож байна. Бүх зүйл энерги бөгөөд энерги болон материйн хооронд үл нэвтрэх хаалт саад байхгүй гэж ойлгомогц бодит ертөнц болоод бидний оюун санааны ертөнцийн дундах хил хязгаар байхгүй болж байгаа билээ.


    Your Upper Menu Here

    Subscribe