Tuesday, November 22, 2011

ТЭГ ЦЭГИЙН ТАЛБАЙ

  • Tuesday, November 22, 2011
  • amega
  • Share
  • Материйг атомаас доод түвшинд үргэлжлүүлэн судлах явцад ямар нэг тайлбарлах аргагүй сонин баримт олджээ. Хамгийн доод түвшинд, бидний мэдэх бүх төрлийн энерги үгүй болсон огт хоосон нөхцөлд ч ямар нэг хүч материт нөлөөлдөг нь илэрсэн бөгөөд эрдэмтэд энэ зүйлийг тэг цэгийн талбай хэмээн нэрлэсэн байна.

    Ингэснээр Эйнштейн «нууцлаг» хэмээн нэрлэсэн эгшин зуур харилцан үйлчлэх талбай буюу квантын ээдрээтэй төлөв байдал нь ямар нэг утга учиртай болж эхэлж байгаа юм. Энергийн түвшингээс бүр доод төвшинд түүний суурь болдог өөр төвшин байдаг болж таарч байна. Энэ төвшний талбай нь ямар нэг энерги агуулаагүй хоосон орон зай бөгөөд тодруулж хэлбэл мэдээллийн талбай юм.

    Өөрөөр хэлбэл энерги үүсдэг анхдагч далай нь цэвэр оюун санааны далай бөгөөд тэндээс матери үүсдэг байна. Орчлон ертөнц чухамхүү оюун санаанаас тогтдог бөгөөд матери болон энерги нь ухамсарт тусгагдаж байгаа хэлбэр л юм.

    Эрвин Ласло бүх орчлон ертөнцийг нэгтгэсэн, түүнийг өөртөө багтаасан талбайг «А-талбай» хэмээн нэрлэсэн байна. Энэ нь орчлон ертөнцийн бүх эрдэм мэдлэг түүн дотроо хүний мэдэж байгаа бүхнийг агуулж байдаг материаллаг бус орон зай буюу Акашийн хүчний тухай өгүүлдэг эртний Энэтхэгийн хөлгөн судруудаас үүдэлтэй нэр юм. Сэтгэлзүйч Карл Густав Юнг нийтийн ухамсаргүйдлийн тухай; гүн ухаантан Пьер Тейяр де Шарлей ноосфер буюу оюун ухаант давхаргат мандлын тухай; биологич Руперт Шелдрейк морфоген талбай буюу бүтцээс үүдэлтэй талбайн тухай тус тус ярьж бичиж байлаа. Хүн төрөлхтөн бүхий л түүхийнхээ туршид энэ төвшин, энэ талбай байдгийг мэдэрч түүнийг мянга түмэн янзаар тодорхойлон бичиж байжээ. Гэвч зөвхөн сүүлийн хэдэн арван жилд л байдаг гэдгийг нь үргэлж мэдэрч байсан зүйлдээ хүрч чадсан ч ойлгогдохоор тайлбарлаж чадаагүй л байна.

    Ласло өөрийн бүтээлдээ: «Эртний хүмүүс энэ орон зай хоосон биш бөгөөд бүх зүйл тэндээс үүсэж; оршиж байсан, оршин байгаа бүх зүйлийн тухай мэдээлэл тэнд хадгалагддаг болохыг мэддэг байжээ... Одоо энэ ойлголт шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд аажмаар XXI зууны шинжлэх ухааны амин чухал тулгуур болон хувирч байна. Бидний өөрсдийнхөө болон ертөнцийн тухай төсөөлж байсан бүхэн бүрэн өөрчлөгдөх болно» гэжээ.

    Хэрэг дээрээ бидний өөрсдийн болон ертөнцийн тухай төсөөлөл аль хэдийн өөрчлөгдсөн бөгөөд бизнесийг удирдах бидний үзэл ч өөрчлөгдөж байна.

    Your Upper Menu Here

    Subscribe