Thursday, December 1, 2011
Om тарни Шри Чинмой
Аум
Аумын утга учир юу вэ?
Аум бол онцгой утга учиртай, бүтээгч хүчийг өөртөө агуулсан үе юм. Аум бол тарни бүгдийн эх тарни. Аум тарнийг давтан дуудахдаа бид дээрээс амар амгалан, гэрэл гэгээг буулган авчрахын зэрэгцээ дотоод хийгээд гадаад ертөнцдөө орчлон дахины эв эеийг цогцлоон бүтээдэг юм. Аум тарнийг давтан дуудахад дотоод болон гадаад ахуй биес маань бурханлаг ухаарал, тэмүүллээр тэтгэгдэж урамшдаг. Аум бол юутай ч эгнэшгүй агаад түүнд хязгааргүй хүч агуулагдана. Зөвхөн Аумыг давтан дуудсаныхаа үрээр Бурханы гэгээрэлд хүрэх боломжтой. Аумыг дуудаж байхдаа өөрийн тань дотор Бурхан дээшилж, доошилж хөдөлж байгааг мэдрэхийг хичээгээрэй. Олон зуун Энэтхэг эрэлчид зөвхөн Аумыг давтан дуудсаныхаа үрээр Бурханы гэгээрэлд хүрсэн билээ. Аум бол Бүтээгч Бурханы бэлгэ тэмдэг.
Аумыг давтаж дуудахдаа чухам юу болж байгааг анзаарч мэдэхийг хичээгээрэй. Муур, нохой, сармагчингийн нэрийг тэр бүү хэл жирийн нэг хүний нэрийг дуудлаа гэхэд та ямар ч урмыг бадраах зүйл мэдрэхгүй. Харин Бүтээгчийн бэлгэ тэмдэг, амь амьсгал нь болсон Аумыг дуудах даруйд зөн билгийг тань улам хурцалж, хорвоогийн амьдралыг тань бүрэн дүүрэн болгож хувиргах эрдэмтэй дотоод болон гадаад эрч хүчийг урамшуулан сэргээж буй дотоод мэдрэмжийг та мэдрэх болно. Энэ бол Аумын нууц. Хэрэв та хамаг амьдралынхаа туршид нэгэн нууцыг нандигнан дээдлэхийг хүсч байгаа бол дээдлэх учиртай нууц тань энэ юм. Аумыг давтан дууд, тэгвэл юм бүхэн таных болох болно.
Аумыг хэрхэн дуудах вэ?
Аум бол эгнэшгүй анир дуун. Бид ихэнхдээ хоёр зүйл харшин цохилдсоноос үүдэх дуу чимээг сонсдог. Харин Аумд тийм цохилт хэрэггүй. Аум бол анахада буюу цохилт үгүй, анир үгүй анир. Йог юмуу сэтгэл зүрхний Багш хүн өр зүрхний гүнийн гүнээ өөрөө үүдэн гарах Аумыг сонсох чадалтай байдаг.
Аумыг янз янзаар дуудаж болно. Хэрэв чангаар дуудвал Дээдгэгээний бүгдийг чадагч чанарыг мэдэрнэ. Зөөлөн дуудвал Дээдгэгээний баясгаланг мэдэрнэ. Аниргүй дуудвал Дээдгэгээний амгаланг мэдэрнэ. Дээдгэгээний үүдүүлсэн орчлон дахины Аум бол яндашгүй их далай билээ. Хүмүүний дуудсан бодгал Аум бол тэрхүү их далайд агуулагдах нэгэн дусал боловч их далайгаас ангид үл оршиж, их далайг өөрийн гэж үзэх чадалтай. Аумыг чангаар дуудаж буй хүн оройн дээд Дууны сансрын анир цуурайнд хүрч, түүнийг илрүүлэн гаргадаг юм.
Аумыг, гарсан анир нь чихэнд чичирхийлэн сонстож, хамаг биеэр түгэн тархаж байхаар тийм чанга дуудвал нэн сайн. Ингэвэл ухаан санаанд тань итгэлтэй байдал төрж, баяр хөөр, амжилт бүтээлийг та мэдрэх болно. Чангаар дуудахдаа “М” авиаг “Ау” авианаас наанадаж гэхэд гурав дахин урт байхаар дуудах нь зүйтэй.