Tuesday, November 22, 2011
АТОМЫН ДОТОРХ ЕРТӨНЦ
Декарт ба Галилейн дараа сэр Исаак Ньютон байгалийг механизм мэт үзэх үзлийг улам гүнзгийрүүлж энэ механизмыг удирддаг хуулиудыг томьёолсон байна. Бүх сонгодог физик, орчин үеийн бүх шинжлэх ухаан нь орчлон ертөнц хэмээх гурван хэмжээст хоосон орон зай дотор биетүүд маргаангүй үнэн, өөрчилж үл болох хуулиудад захирагдан хөдөлдөг гэсэн Ньютоны онол дээр тулгуурладаг. Энэхүү хөдөлгөөний хуулиуд нь уурын бүдүүлэг хөдөлгүүрээс авахуулаад Ангараг гаригаас хөрсний дээж авчирсан сансрын аппарат хүртэл орчин үеийн маш олон технологийг бүтээх боломжийг олгосон юм. Хүмүүс Ньютоны хуулиудыг хэрэглэн амьдрал дээр бий болгож чадсан бүхэн үнэхээр гайхамшигтай юм. Гэхдээ цаг өнгөрөх тусам ньютоны механикийн бүх боломжууд шавхагдаж байна. Судалгааны багаж төхөөрөмж улам боловсронгуй, илүү нарийн төвөгтэй болохын хэрээр ертөнцийг улам гүнзгий танин мэдэж, атомаас доод түвшинд орчлон ертөнц нь Декарт болон Ньютон нарын хамгийн зоригтой зөгнөлөөс ч үндсээрээ өөр болох нь тодорхой болж байна.
ХХ зууны эхээр дадал болсон, «объектив» шинжтэй ертөнцийг үзэх механик үзлийг эргэж харахад хүрсэн юм. 1890-ээд оны сүүлээр бодисын цацраг идэвхт чанарыг нээснээр эрдэмтэд атомын цөмийг судлах болсон бөгөөд атомаас доод түвшинд физикийн хуулиуд нь ньютоны хуулиудаас огт өөр байдгийг мэдээд туйлын их гайхацгаасан юм. Хэрэг дээрээ атом өөрөө хоосон зүйл болон хувирч, сайтар судлах тусам бүхэл бүтэн байдал нь алдагдаж байлаа.
«Атом» буюу ατομος гэдэг грек үг нь [α-, үгүй; + τομος-, хуваах] «хуваагдашгүй» гэсэн утгатай бөгөөд XIX зууны турш эрдэмтэд байшин барилга тоосгоноос бүтдэг шиг орчлон ертөнц атомаас тогтдог гэдэгт итгэж байлаа. Гэвч цацраг идэвхт үзэгдэл нь атом хуваагдашгүй биш бөгөөд атомын дотор судалж шинжлэх шаардлагатай бүхэл бүтэн онцгой нэгэн ертөнц байгааг ойлгуулжээ. Атом хуваагдашгүй гэсэн төсөөлөл таягдан хаягдахын хамт сонгодог физикийн үндсүүд нуран унасан билээ. Ертөнцийн бүтцийн тухай бидний үзэл бүхлээрээ өөрчлөгдсөн юм.