Tuesday, November 22, 2011

ЕРТӨНЦИЙГ ТАНИН МЭДЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГУУД

  • Tuesday, November 22, 2011
  • amega
  • Share
  • 1633 онд одон орон судлаач Галилео Галилей гэгч хижээл насны итали эрийг тэрс үзэлтэн хэмээн буруутгаж шашны эрүүдэн шүүх газраас түүнд бүх насаар нь шоронд хорих ял оноожээ.

    Галилей ямар гэмт хэрэг хийсэн юм бол? Өөрөөсөө зуун жилийн өмнө амьдарч байсан агуу одон оронч Николай Коперникийн дэвшүүлсэн Дэлхий гариг бол Нарны аймгийн төв биш юм гэсэн санааг тэр баталсан юм. Галилейн хэлснээр: Нарны аймгийн төвд Нар оршдог бөгөөд Дэлхий бол түүнийг тойрон эргэдэг хэдхэн гаригийн нэг юм. Энэ санаа нь шашны Ариун Сударт бичсэнтэй огт нийцэхгүй байлаа. Галилейг олон нийтийн өмнө энэхүү тэрс үзлээсээ татгалзахыг шаардаж, түүний бичсэн «Птолемейн болон Коперникийн сургаалиудын тухай бодрол» хэмээх бүтээлийг нь хориотой номын жагсаалтад оруулсан юм. Хожим шоронд эдлэх ялыг нь гэрийн хориогоор сольсон бөгөөд хараа нь улам муудсаар байсан Галилей үлдсэн амьдралаа Флоренцын дэргэд байдаг тосгонд өнгөрөөжээ.

    Хэдийгээр шашны зүгээс хориотой байсан ч Нарны аймгийн талаарх нар төвт онол эцсийн эцэст ялж, Галилейн хийсэн нөр их туршлагын ажлууд, түүний бүтээсэн математик загварууд нь орчин үеийн шинжлэх ухааны үндэс суурийг тавихад их хувь нэмэр болсон юм. Гурван зуун жилийн дараа германы физикч Альберт Эйнштейн түүнийг «орчин үеийн шинжлэх ухааны эцэг» хэмээн нэрлэсэн билээ.

    Шинжлэх ухаан Галилейн үеэс өмнөх мянга гаруй жилийн турш ертөнцийг онолын талаас нь тайлбарлахыг л чухалчилдаг байсан бөгөөд онол нь бодит байдалд нийцэж байгаа эсэхэд бага анхаардаг байжээ. Гэвч Коперник болон Галилейн үеэс эхлэн европын эрдэмтэд шинжлэх ухааны янз бүрийн туршилтууд хийхийг эрмэлзэх болж тэдгээрийн үр дүн нь хуримтлагдаж эхэлсэн байна. Бодол санаан дотроо хийдэг байсан туршилтууд нь бодит байдал дээр хийдэг туршилтын ажлуудад байраа тавьж өгсөн байна. Хүнд зүйл нь хөнгөнөөсөө түргэн өнхөрдөг хэмээн Аристотелийн батлан хэлснийг (хэрэг дээрээ огт тийм биш бөгөөд хазайлтын өнцгөөс хамаардаг) шалгахын тулд налуу ховилоор модон болон металл бөмбөрцөг өнхрүүлэн туршиж байсан Галилейг энд дурдаж болно. Галилейн үеэс эхлэн хуримтлагдсан мэдээ, баримтууд нь эрдэмтдэд ертөнц бол аварга том цагны механизм шиг бүтэцтэй бөгөөд энэ механик бүтцэд «оюун санаа», «сүнс» эсвэл «ухамсар» гэх мэт ойлголт огт байхгүй гэсэн санаа төрөхөд хүргэжээ. Галилейтай нэгэн үед амьдарч байсан, өнөө үед «орчин үеийн гүн ухааны эцэг» хэмээгддэг Францын гүн ухаантан, математикч Рене Декарт: ертөнц хэрхэн бүтсэнийг ойлгох хамгийн шилдэг арга бол орчлон ертөнцийг бодит ертөнц ба оюун санааны ертөнц хэмээх хоёр хэсэгт хуваахад оршино гэжээ.

    Сэтгэх гэж юу болохыг Декарт болон түүний үзлийг залгамжлагчид мэдэхгүй байсан ч тэрээр «Сэтгэж л байгаа бол оршиж байна» гэсэн үгээрээ их алдаршсан юм (COGITO, ERGO SUM лат. [когито, эрго сум] — «би сэтгэж байна, тийм болохоор оршиж байна»). Бид яаж сэтгэдэг вэ? Бодол санаа хаанаас үүсдэг вэ? Хэрхэн бидний тархийг бүрдүүлдэг матери ухамсрыг төрүүлдэг вэ? Орчин үеийн физикч Жон Хагелин «Ухамсар нь бие махбодийн хэлтэрхийгээс үүсдэгт л гүн ухааны асар том асуудал оршиж байгаа юм» гэж дуртай дургүй хэлсэн байдаг. Декартын дэвшүүлсэн орчлон ертөнцийг хувааж үзэх зүй тогтлыг сөрж бидний бодол санаа ямар нэг байдлаар материтай холбоотой болж таарч байна. Гэхдээ яг яаж? Эдгээр асуултуудад хариулах гэсэн оролдлогууд нь таны өмнө бодит бололцоо, боломжуудын асар том ертөнцийг нээж өгч байгаа бөгөөд энэ нь Хариуны үндсэн хэсгийг бүрдүүлж буй юм.

    Your Upper Menu Here

    Subscribe